Friday, February 28, 2014

“Бөх” гэдэг нэрийн учир



Өмнөх үг
Сайхан монгол орныхоо ирээдүйн  эзэд нь болсон бөвгүүд, залуучууд та нар монгол бөхөөрөө барилдаж аварга, арслан, гарьд, заан, харцага, начингуудыг хүндэтгэн тойрдог улсынхаа алтан соёмбот далбааг тойрч бөхийн гараагаа эхэлж байна.
Тан нарын дунд сайн бөх болох хөвгүүд олон байгаа нь мэдээж, бас бөх болохгүй ч монгол бөхөө судалдаг эрдэмтэн, шимтэн сонирходог үзэгч, талархан дэмждэг дэмжигч ч та нарын дундаас төрөн гарна.
Ийм болохоор монгол бөхийн барилдаан хэзээ үүссэн бэ, дэлхийн улсуудын бөх, бөхийн барилдаанаас вугаараа ялгаатай вэ, монгол бөхөд ямар ёс жаяг, дүрэм журам байдаг вэ, тэр бүрийн учир утга юу вэ, бөх болох хүн чухам юуг онцлон анхаарах ёстой вэ, монголчууд бөхөө ягааад илүүтэй дээдэлдэг вэ гэх зэрэг олон ойлголтыг мэдэж авах нь туйлын чухал.
Үүний учир ирээдүйн бөхчүүд, бөхийн элгэн садан болох эрхэм та нартаа зориулан анхнаасаа зөв ойлголт, ухаарал, чиглэлтэй байхад нь туслах зорилгоор энэхүү товхимлыг хэвлүүлэв.
                       Дөмөг эр байя гэвэл
                                    Монгол бөхөөрөө барилд
                       Дөлгөөн хүн байя гэвэл
                                    Монгол бөхөөсөө суралц
                       Түвшин эцэг байя гэвэл
                                    Монгол бөхөө дээдэл
                       Төгөлдөр хань байя гэвэл
                                    Монгол бөхдөө дурла! Гэсэн мэргэн үгийг санан суралцацгаая.


                                        “Монгол Бөх” нэрийн учир
Дэлхийн олон оронд үндэсний бөх байдаг бөгөөд үндэсний бөхийн барилдаанаа Япон улс “Сумо”, Солонгос улс “Шырым”, Казак улс “Курош” гэх мэтээр нэрлэжээ. Харин манайх зүгээр л “Монгол бөх” гэж нэрлэдэг. Өнгөцхөн бодоход бөхөд сумо гэх мэт оноосон нэр өгөх нь зөв мэт санагдах боловч олон зуун жилийн хойно сумо, Шырым, Курош нь аль улсын бөх байсан нь мэдэгдэхгүй болох талтай ба өнөө цагт ч олон хүн эдгээр нь чухам аль улсын бөх вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа нь ажиглагддаг.
Тэгвэл “Монгол бөх” гэдэг нэрийг уншихад энэ нь монголынх юм байнагэдгийг хүн бүхэн мэдэх болно. Иймээс манай мэргэн дээдэс бөхийнхөө барилдаанд оноосон нэр өгөөгүй нь алсын том ухаан байжээ.
“Монгол бөх”-өө бид бас “үндэсний бөх” гэцгээдэг. Энэ бол “Монгол бөх” маань хэзээ нэг цагт бусдаас авсан зээлмэл, бусдыг дуурайсан дуураймал юм биш, чухамхүү монгол үндэстэн өөрсдөө зохион бий болгосон монголын үндэсний спорт, соёл, урлаг, оюуны гайхалтай бүтээл болохыг тодорхойлж байгаа юм.
                                               “Бөх” гэдэг нэрийн учир
Балар эртний хүмүүс, ан гөрөө хийхдээ адгуус, араатантай тулалдах цагт хүчирхэг зэрлэг амьтдын дайралтанд өртөн, хөлд гишгэгдэн олонхи нь амиа алдаж, гэмтэж бэртэж байхад зарим нь  дайруулахгүй сөрж, дийлж, гишгүүлж, мөргүүллээ ч гэсэн бэртэж гэмтэхгүй үлддэг байж.
Ийм шалгарсан хүмүүсээ “Бат бөх хүн” хэмээн онцлон нэрлэж, тэднийхээ нөмөр нөөлөг, удирдлагад амьдарч байсан байна. Эндээс бөх гэдэг нэр үүссэн. Хожим тайван амар цаг ирэхэд тэрхүү “бат, бөх” эрчүүдийнхээ хүч бярыг сорин өөр хооронд нь ноцолдуулж, зугаа цэнгээн үүсгэх болсноор бөхийн барилдааны эхлэл тавигдсан гэж үздэг.
                            Хоногшуулан тогтоо:
-Бөх гэдэг нэр “Бат бөх” гэснээс үүссэн
-Бат бөх хүмүүсийн хүч  бяраа сорих ноцолдооноос барилдаан үүссэн.
 


                                  Барилдаан чухам хэзээ үүссэн тухайд
Энэ асуудлыг шинжлэх ухааны олон салбар, тухайлбал түүх , археологи, палентлогийн ухаанууд судалдаг.
Бөхийн барилдаан монгол угсаатны өвөг болох Хүннүгийн үед аль хэдийн үзвэр болж хөгжсөн байсан нь Хүннүгийн булшнаас археологчдын олсон суран бүсний хүрэл цутгамал арлын зургаар батлагддаг юм. Энэхүү бүсний арал дээр морьдоо хантайрчихаад морьдныхоо наана хав золгон барилдаж буй тусгай хувцастай хоёр хүний дүрсийг товойлгон урласан байгаа нь Хүннүгийн үед бөхийн барилдаан ийнхүү хүмүүсийн эрхэмлэн дээдэлдэг зүйл нэгэнт болсон байсныг харуулж байна. Одоогийн хүмүүс бүснийхээ арал дээр өөрийн болон нийтээр эрхэмлэн дээдэлдэг зүйлс болох соёмбо, нацагдорж (очир), дөрвөн хүчтэн тэргүүтнийг урлах болсонтой энэ нь утга нэгэн юм. Хүннүгийн үе гэдэг бол МЭӨ III зууны үе гэдгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. Тэгэхээр монгол бөхийн барилдаан лавтайяа 2200 жилийн өмнө хүмүүсийн хүндлэн дээдэлдэг, цэнгээн, эрчүүд нь уулзаж учирсан газраа тусгай өмсгөл өмсөн барилдаж хүч бяраа сорьдог спорт болон төлөвшчихсөн байсан ажээ. Үүнээс гадна эрдэмтэд Дундговь аймгийн “Дэл хөнжилийн уул”-наас хадан дээр тод томруун дүрсэлсэн нэгэн сүг зураг олсон бөгөөд энэ зурагт хоёр нүцгэн эр хүн үсээ орой дээрээ боочихоод цэрвүү барьцтай барилдаж байгааг томоор, тэр хоёрыг тойроод сууж буй олон хүнийг жижгээр дүрсэлсэн байна. Эрдэмтэд энэ олдвороо хүрлийн үед хамаарахыг тогтоожээ. Хүрлийн үе гэдэг нь 3000 жилийн өмнөх үе юм. Эндээс үзвэл бөхийн барилдаан монгол нутагт Хүннү гүрнээс өмнө буюу одоогоос даруй 3000 жилийн өмнө байсан нь нотлогдож байгаа билээ.

Түүхийн энэ хоёр олдвороор монголчууд наад зах нь 3000 жилийн өмнө барилдаан хийж байсан нь тодорч байгаа боловч монгол бөх чухам яг хэзээ үүссэнийг одоогоор нарийн тогтоосон зүйл үгүй байна. Манай зарим судлаачид монгол бөх 20 000 жилийн өмнө үүссэн гэж үздэг юм. Юутай ч монгол бөхийн барилдаан монгол нутаг дэвсгэр дээр нэн эртний цагт үүссэн, монголчууд бидний язгуур спорт мөн байна. Улс орны ирээдүйн эзэн та нарын дундаас энэ судалгааг нарийвчлан хийх эрдэмтэн тодорч монгол бөх маань дэлхийн олон үндэстний бөхийн эцэг болохыг тогтоох цаг ирнэ. Монгол бөхийн барилдаан ийм эрт цагаас өнөөгийн бидний мэдэх энэ цаг үеийн төрх төлвөө олох хүртлээ нийгэм цаг үе, хүмүүсийн ухамсар, боловсрол, соёлын дэвшил, ард түмнийхээ уламжлал, ёс заншлыг өөртөө шингээн хадгалсаар иржээ.

0 comments:

Post a Comment

Э.Хонгорзул. Powered by Blogger.